Зэсийн үнэ 6111 доллар хүрч өслөө
Зэсийн үнэ өчигдөр Лондоны металын бирж дээр 2015 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрч, 6111 ам.доллар болж өсөөд байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригт нэг тонн зэсийн үнэ 5.873 ам.доллартайгаар хаагдсан юм.
Зэсийн үнэ өссөн голлох шалтгаан нь зах зээлд зэсийн нийлүүлэлтийн урсгал доголдож болзошгүй байдалтай шууд уялдаж байна. Тухайлбал BHP Billiton компани өнгөрсөн баасан гаригт давагдашгүй хүчин зүйл буюу force majeure-ийн нөхцөл байдал зарлаж, Эскондида уурхайн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тухай мэдэгдсэн юм. Чили улсад орших дэлхийд зэсийн хамгийн томд тооцогдох Эскондида зэсийн уурхайд ажилчид энэ сарын 2-нд ажил хаялт зарласны улмаас уурхайн үйл ажиллагаа зогсчихоод байгаа билээ.
Мөн Индонезид орших Грасберг зэсийн уурхайгаас баяжмал эксплортлохыг тус улсын Засгийн газар хориглосон нь үнийн өсөлтөд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл болж буй юм. Хэдийгээр Индонезийн Засгийн газар түр хугацаагаар баяжмал экспортлох зөвшөөрөл олгох тухай мэдэгдсэн ч зөвшөөрөл олгогдоогүй хэвээр байгааг уурхайг эрхлэгч Freeport батлан мэдээлсэн. Хэрэв хориг цаашид үргэлжилбэл сул зогссон сар тутамд компанийн үйлдвэрлэл 32 мянган тонн зэс, 100 мянган унц алттай дүйцэхүйц хэмжээгээр буурах аж. “Freeport” компани 2017 онд Грасберг уурхайгаас 200 орчим мянган тонн зэс, 2.2 сая унц алт, 42 мянган тонн молибден борлуулахаар төлөвлөсөн юм.
Үүнээс гадна Перу улсад орших, зэсийн нийлүүлэлтээр дэлхийд “айргийн тав”-д орж буй Лас Бамбас уурхайн тээвэрлэлтийн замыг нутгийн иргэд хааж, эсэргүүцсэн тул өнгөрсөн долоо хоногт уурхай баяжмал тээвэрлэлт түр зогсчээ. Гэхдээ бүтээгдэхүүн тээвэрлэлт өнгөрсөн баасан гаригаас хэвийн горимдоо орсон байна. Энэ жил Лас Бамбас уурхай 400,000 тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ.