Хятадын төмрийн хүдрийн импорт өсч, зэсийнх буурав
Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар Хятадын төмрийн хүдрийн импорт 88.4 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7%, өнгөрсөн сарынхаас 8.3%-иар өссөн төдийгүй тус улсын импортын хоёр дахь дээд амжилтад тооцогдсон тухай Хятадын гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлжээ. 2015 оны сүүл сард 96 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь хамгийн дээд хэмжээнд тооцогдож буй юм. Зарим шинжээчийн таамаглаж буйгаар ойрын хэдэн сард импортын хэмжээ долоодугаар сарынхтай ижил түвшинд байна гэж үзэж байна. Тус улсын хувьд намрын улиралд төмрийн хүдрийн татан авалт нь нэмэгддэг тул ирэх саруудад импорт буурахгүй байх магадлал өндөр юм.
Нөгөөтэйгүүр Хятадын тухайд дотоодын уурхайнууд нь зардал өндөртэй байдаг тул төмрийн хүдрийн үнэ буурсан өнөө үед гадаадын хямд өртгөөр нийлүүлэгчидтэй өрсөлдөхөд тун хүндрэлтэй болсон. Өчигдрийн байдлаар нэг тонн төмрийн хүдрийн үнэ 62 ам.долларт хүрсэн нь сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн өндөр ханш байсан ч энэ нь Хятадын дотоодын олборлогчдод хангалттай үнэ биш юм.
Хэдийгээр Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн сард ийнхүү нэмэгдсэн ч зэсийн импорт нь буурлаа. Тус улс өмнөх сард өнгөрсөн зургаадугаар сарын импортоос 14.3%-иар бага буюу 360 мянган тонн зэс худалдан авчээ. Гэхдээ оны эхний долоон сарын байдлаар 3.09 сая тонн зэс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 19.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.